Thursday, December 8, 2011

Гандантэгчэнлин хийдийн тухай


Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд
Монголын шашин соёлын төв Гандантэгчэнлин хийдийг Их хүрээний Далхын дэнж гэдэг газар I Богд Живзүндамба 1838 үндэслэн байгуулсан юм. Гандантэгчэнлин хийдийн харьяанд хуучин хүрээний Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин, Бадам ёга, Ламрим, Жанрайсиг дацангууд хурал номын ажлыг явуулж байсан бөгөөд эдгээр дацанд нэр цуут олон мэргэд боловсрон гарч Монголын бурханы шашны хөгжил цэцэглэлтэнд агуу хувь нэмрийг оруулсан билээ. Монгол оронд коммунист дэглэм тогтож тус хийдийн шашин номын үйл ажиллагааг 1938 төр засгаас хориглон зогсоожээ. 1944 онд Гандантэгчэнлин хийдийг "Мөргөлийн дуган" нэртэйгээр дахин сэргээсэн. 1990 онд ардчилсан хувьсгал ялж ард түмний шүтэн бишрэх эрх чөлөө бүрэн нээгдснээр Гандантэгчэнлин хийд улам бүр өргөжин тэлсээр байна. Тус хийд нь одоо гүн ухааны Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч болон зурхай, Жүд болон Дэчэнгалав Жанрайсиг, Бадам ёго зэрэг бурханы шашны эрдэм ухааны сургууль дацангуудыг эгнээндээ багтаасан олон зуун шавь нартай Монголын бурханы шашинтны төв мөн.

Цогчэн хурал:
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар 1654 их хүрээг үндэслэн байгуулаад хурлын зан үйлийн дэгийг Монгол орны нөхцөл байдалд уялдуулан тогтоохдоо Төвдийн Дашилхүмбэ хийдийн уншлагын дэгийг дагаж зарим зүйлийг нэмж заримыг нь хасаж хүрээ дэгийг байгуулжээ. Хүрээ дэг бол Монголын шашин номын уншлагын зан үйлд шинэчлэл хийсэн хэрэг байв. Цогчэн хурал нь нийтэд "Бат цагаан" гэж нэрлэгдэж байжээ. Гандантэгчэнлин хийдийн цогчэн уншлага нь үндсэндээ Өндөр гэгээний дэглэн боловсруулсан хүрээ дэгийн үргэлжлэл явж байгаа юм. 1944 онд "Мөргөлийн дуган" нэртэйгээр Гандан хийдийг сэргээхдээ хуучин хүрээний цогчэн уншлагыг үндсэнд нь багтаан цогчэн хурлаа гаргасан түүхтэй. Их хүрээний "Харанга магтаал" хэмээх цогчэн уншлаганд 40 гаруй номыг оруулж уншдаг байсан бөгөөд үүнээс гол үндсэн номыг уншихаар тогтсон байна. Их хүрээний цогчэн уншлага нь Богд Зонхавын шашныг үндэслэн байгуулагчид болох Богд Зонхава, Хайдавгэлэгбалсан, Жалцавдармааренчин түүний шавь нар болон Өндөр гэгээн Занабазар нарын гол гол зохиолуудыг үндсэн номуудад оруулж уншдаг уламжлалтай. Мөн энэ уншлаганд Бурханы шашныг үндэслэгч Бурхан багшийн магтаал болон зарим номуудаас уншиж байсан уламжлалтай. Цогчэн буюу Их чуулган нь залбирал, уншлага, даатгал, магтаал голлосон хурал юм. Урьд маанийн бүтээлийг 3 хоног хурдаг байсан. Мөн үүний зэрэгцээ сүсэгтэн олноос өргөсөн газар газрын үлэмж нандин шүтээнүүд эдүгээг хүртэл дээдлэгдэн түмэн олны сэтгэл зүрхийг баясган бишрэл хүндэтгэлийн орон болсоор байна.

Гандантэгчэнлин хийдийн дацангууд
Бурханы шашны аль нэг бурханд зориулсан хурал мөргөл үйлддэг шүтээний сүм буюу сургууль номын газрыг нэрлэх нэр. Монголын Их хүрээнд 12 дацан байсан бөгөөд тус тусдаа захиргаа, жастай байжээ. Шашин номын ёс үндсийг боловсруулдаг сургуулийн 6 дацан байсан бөгөөд цанидын 3 дацан (Дашчоймпил, Гунгаачойлин, Ядгаачойлин) Жүд, Зурхай, Эмчийн дацангууд болно. Харин Дэчингалав, Ламрин, Бадамъёго, Майдар, Занхан, Мэгжиджанрайсиг 6 нь шүтээний дацангууд байжээ. Цанидын дацан дорд зиндаа 5 жил, дунд зиндаа 4жил, ахлах зиндаа 4 жил суралцана. Зиндаа бол номыг дороос дээш уламжлан хэлэлцэх үе шат болох эрэмбэ болно. шавь нар элсэн орж, жилд нэг удаа дээд зиндаанд дэвшсээр домын дамжаа барьж давшин агарамбын зиндаанд хүрдэг аж. Үүний дараа боловсролын хэмжээгээр гавжийн, аграмбын дамжаа барьдаг уламжлалтай болно.

Гүн ухааны гурван дацан
Эдгээр дацанд Учир шалтгааны ухаан /Парана/, Билэг барамид /Парамита/, Төв үзэл /Мадьяамика/, Ёс суртахуун /Винай/ зэрэг Буддын гүн ухааны /Чойрын/ таван ботийг өөр өөрсдийн ном сурах бичигт тулгуурлан зиндааны эрэмбээр хэлэлцэн мэтгэлцэх зарчмаар нарийвчлан судалдаг байна. Дээрхи таван ботийг Учир шалтгаан, Билэг барамидийн ухаанд боловсорч дамжааг амжилттай баривал "Гэвш", 5 ботийг гүйцэт үзэж судалж дамжаа баривал "Гавж" зэргийг олгодог. Тус дацангуудын тэргүүн ламын Шунлайва гэнэ. Дацангуудын зиндаа хуваарилалтыг Дашчоймпэл дацангаар жишээ болговол уг дацан нийт 14 зиндаатай. Доод зиндаа нь Хадгийн, Шидүвийн, Жумбарайн, Юлжингийн, Дондүнжүгийн хэмээх ангиудад 5 жил суралцана. Шүн, ог, Гом, Дом хэмээх 4 дунд зиндаанд 4 жил сурсны төгсөлтийн ёслол Домын дамжаа барьж "Гэвш" хэмээх Бурханы шашны гүн ухааны анхны зэргээ хамгаалдаг. Дараа нь Ум Сарва, Ум нинба, Жүд, Гарамба Ог хэмээх ахлах 4 ангид 4 жил суралцаад Гарамба хэмээх дээд зиндаанд дэвшин 5-10 жил суралцана. Хэрэв сайн дүнтэй төгсгөн шалгалтын дамжааг амжилттай баривал Гавж хэмээх шашны эрдмийн дээд мяндаг олдог.
Дашчоймпэл дацан:
Энэ дацанг II Богд Живзүндамба, Манзушир хутагт нар үндэслэн байгуулсан бөгөөд улмаар гүн ухааны гол сургууль болон өргөжин тэлсэн байна. Монгол, Төвдийн шашин номын хуучин уламжлалт харилцаа сэргэн Энэтхэг улсын Гоман дацангаас гэвш, лхарамбын цол зэрэгтэй багш нар тус дацанд багшилснаар залуу лам нарын гүн ухааны мэдлэг өссөөр байна. Мөн тус дацангаас Энэтхэгийн Гоман дацанд явсан залуу лам нар амжилттай суралцаж байна. Дашчоймпэл дацан нь цаст Төвдийн гүн ухаантан Гүнчин лам Агваанзундуйн боловсруулсан гүн ухааны 5 ботийн ном сурах бичигт үндэслэн сургалтаа явуулдаг уламжлалтай. Дашчоймпэл дацанг 1990 онд дахин сэргээж одоо 100-аад ламтай хурал номын зан үйл, гүн ухааны сургалтаа явуулж байгаа болно.
Гунгаачойлин дацан:
Гунгаачойлин дацанг IY Богд Живзүндамба 1809 онд анх үндэслэн байгуулсан юм. Энэ дацан Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын зохион боловсруулсан сурах бичгийг /игчаа/ үндэслэн сургалтаа явуулдаг уламжлалтай. Гунгаачойлин дацангийн 3000-аад лам нарын дотроос Агвааринчин, Дарва Бандида, Агваанчойжүрдондов, Зава Дамдин гавж зэрэг алдартай олон мэргэд төрж гарсан юм. 1990 –ээд оны эхээр дахин сэргэж хурал номын зан үйлээ явуулж байна. Одоо лам нар олширч гүн ухааны сургалт уламжлал дагуу чанартай сайн явагдаж байна.
Идгаачойзэнлин дацан
Идгаачойзэнлин дацанг 1910 онд YIII Богд байгуулсан ба Төвдийн гүн ухаантан Сэра Живзүнбийн ном зохиол, сурах бичгээр сургалтаа явуулдаг уламжлалтай. Энэ дацангийн 1000-аад лам нарын дотроос Раднаа шүнлэйва, гавж Гомбожав нарын олон мэргэд төрөн гарч байв. Уг дацангийн унаган шавь Цэрэндэмчиг, Найдан нар 1990- оны дундуур дацангаа дахин сэргээн хурал номоо эхэлсэн юм. Идгаачойзэнлин дацангийн залуу лам нараас Энэтхэгийн Сэра хийдийн Сэржэ дацанд очиж гүн ухааны ном судалж байгаа болно. Энэ дацан нь удахгүй дуганаа барьж гүн ухааны хичээл сургалтын чанар чансаагаа сайжруулах өсөн хөгжих нь дамжиггүй бизээ.

Жүд дацан / Пунцагшадүвлин /
Халхын II Живзүндамба хутагт Лувсандамбийдоми 1739 анх үндэслэн байгуулсан байна. Энэ дацанд цанид чойрын гүн ухааны сургалтаа дуусгаж гавжийн зэрэг хамгаалсны дараа дэвшин суралцдаг байв. Тухайн дацанд суралцагчид нь Бурхан Шагжамүнийн судар, Дандарын хос ёсны нууц тарнийн /дандар/ гүн нарийн уншлага зан үйл, бясалгал бүтээлийн онолд суралцан "Аграмбын зэрэг хамгаалдаг байна. 1938 онд тус дацангийн үйл ажиллагааг зогсоожээ. ХХ зууны сүүл үеэр үйл ажиллагаа нь бүрэн зогссон Жүд дацангийн уламжлал Монголын бурханы шашинд үгүйлэгдэж байсан үе буюу 1998 оны 8- 11-нд 300 гаад хүүхдээс 21-ийг сонгон шалгаруулан авч хичээл номыг зааж 1999 03-р сарын 02-нд уг дацанг албан ёсоор нээж анхны хурал номыг хурсан. Одоо Жүд дацан судар болон нууц тарнийн номыг хурахын зэрэгцээ сургалт явуулж байна. Дацангийн гол шүтээн нь Сандуй, Дэмчиг Жигжид болой.
Бадам ёго дацан
Тус дацанг II Живзүндамба хутагт/1745/ онд Монголын шашин болон нийт ард олны гай барчдыг арилган, энх амгалан байлгахын тухайд гүрэм заслын / Ага / дацан хэмээн байгуулсан ба хожим энэ дацанг 4-р Богдоос/1806/ онд Бадам ёго дацан нэртэй болгожээ. Иймд энэ дацан нь Дамдин, Янсан ядам бурхадын тахилга ба тэдгээрийн зан үйлийг дэлгэр үйлдэхийн зэрэгцээ олны айлтгал гүрмийг өргөн хийдэг байжээ. Бадам ёго дацанг 1937 онд үйл ажиллагааг нь зогсоожээ. 2002 онд дахин сэргээсэн бөгөөд одоо хуучин уламжлалынхаа дагуу сар бүрийн шинийн 2-нд Цамба, Гуна, Дамжин, шинийн 10-нд Хаян хирваа, шинийн 25-нд Янсан ядам хурдаг.Тус дацан нь Гэсэр сүмийн гол дуганд сүсэгтэн олны хүсэлтээр элдэв гүрэм заслын номыг өдөр бүр хурж, хурал номын үйл ажиллагаагаа явуулж байна. Жүд дацангийн гол сахиус нь Гомбо. Бага сахиус нь Чойжоо. Жүд дацангийн үүдэн сахиус нь Дамдин дорлиг болой.
Дүйхор дацан / Дэчин галба /
Анх 1800 халхын 4-р Богд Баруун зууд заларч Лхох Жалсрай гэгээнээс Дүйнхорын авшиг хүртэж улмаар дэглүүлэн буцаж ирээд 1801 онд Дүйнхорын аймагт Дэчин галбын дацанг шинээр байгуулсан байна.
Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1937 оны өвлийн дунд сарын 15-нд хаагдаад 25 дахь жилдээ буюу 1961
анхлан Гандан хийдэд жилдээ нэг удаа хурдаг болсон юм. 1990 онд Далай лам Энэтхэгийн Варнасад Дүйнхорын ван айлдаад Монголд дараагийн Дүйнхорын ванг тавих зарлиг айлдсан. Түүний бэлтгэл болж Дүйнхор дацанг барих ажил өрнөн, 1994 онд Дүйнхор шинэ дугандаа орж дагнан хурж эхэлсэн. 1995 оны хавар Төвд багш нар ирж зааж сурган дүлцон хийж 7 хоног дүйнхор хураад тэр жилийн зун нь Далай лам ирж Дүйнхор ван айлдсан. Үүнээс хойш жил бүрийн хаврын дунд сарын 16-нд Дүйнхор хурсаар ирлээ. Одоо тус дацан 30 орчим хуврагатай. Зуны дунд сарын 15, намрын дунд сарын 15, өвлийн дунд сарын 16-нд нэг өдрийн их хуралтай. Хаврын сүүл сарын шинийн нэгнээс хорин хүртэл сагаг, дүлцонтой, сагаг чодгортой их дүйнхор 20 хоног хурдаг. Хаврын тэргүүн сарын Чойпрүл 15-н ерөөлийн дунд түгжил дүлцонтой Дүйнхор 7 хоног хурдаг. Өдөр бүр бас шарзин хурдаг.
Жанрайсигийн дацан
Энэхүү дуганд Монголын ард түмний бие, хэл, сэтгэлийн эрхэм нандин шүтээн мэлмий нээгч Жанрайсиг бурхан заларч байна. Энэ бурхан нийтдээ наян тохой буюу 26 метр өндөр бөгөөд зэсээр урлан бүтээж алтаар битүү шарсан бөгөөд үнэт эрдэнэс ховор нандин зүйл орсон юм. 1911 онд Монголын шашны тэргүүн YIII богд Живзүндамбын мэлмий чилээрхэхэд Монголын ноёд, гүн, ван, ихэс лам нар ямар аврал байгааг өөрт нь айлтгаваас Богд өөрөө 4 аймаг 5 шавиас мэлмий нээгч Жанрайсиг бурханг 80 чи / 80 тохой/ бүтээвэл нэн сайн хэмээн айлджээ. 1911 онд 11 сарын 29 -нд YIII Богд Живзүндамба гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилснөөр мэлмий нээгч Жанрайсиг бурхан бүтээх ажил шуударч 1911-1912 онд дуусгажээ. Богд гэгээний тохойгоор ная хэмжсний өндөртэй бүтээсэн. Энэ шүтээнд тусгайлан сүрлэг өндөр дуган бариулан залж, түүнийг тойруулан 1 түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн 8 суврага сэлтийг лагшин зарлиг тааллын шүтээн болгон залсан байжээ. Их бурханыг бүтээн залснаас хойш 24 жилийн дараа Монголын түүхэнд хэлмэгдүүлэлтийн жил эхэлж энэ гай гамшгийн шуурганд Монголын 700 гаруй сүм хийд болон хэдэн мянган бурхан шүтээн өртсний нэг нь Жанрайсиг бурхан юм. 1988 онд Монголын соёлын сангаас мэлмий нээгч Жанрайсиг бурханыг дахин бүтээн залах санаачлага гарч 1991 онд бүтээн туурвих ажил эхэлсэн байна. Энэ их шүтээнийг дахин залахад Монголын ард түмний эд материал оюун санааны харамгүй их өглөг шингэсэн юм. 1996 онд их шүтээнийг бүтээх ажил дуусаж мэлмийг нь нээн аравнай өргөсөн билээ. Ингэж л мэлмий нээгч их шүтээн Жанрайсиг бурхан Монголын ард түмний сэтгэл зүрхэнд дахин амиласан юм.
Зурхай, Мамба дацан
Монголын сүм хийдүүд дотоод гүн ухааны сургалтаа эрхэм болгохын зэрэгцээ хүмүүн амьтны амьдрал ахуйд зайлшгүй тустай зурхайч эмч нарыг чиглэл чиглэлийн дацангаар нь бэлтгэн эрдмийн зэрэг цол олгодог байсан уламжлалтай. Эдгээр эмч зурхайч нар нь амьд болон үхэгсдийн ажил үйл болон цаг хугацаа, од гаригсын хэмнэл нөлөөг зурхайн зурлагаар зохицуулах, биеийн элдэв өвчин эмгэгийг судсаар оношлон эм, заслаар эмчлэх зэргээр олон түмэндээ үйлчилдэг байв. 1990 онд коммунист дэглэм нурж, шашин соёлоо сэргээх үйлс өрнөхөд Гандантэгчэнлин хийд нь эмийн болон зурхайн дацанг хуучин уламжлалын дагуу шинээр байгуулсан байна. Одоо энэ дацангууд нь хурал номын ажлаа явуулж байгаа ба шинэ залуу лам нарыг сурч боловсроход үйл ажиллагаагаа чиглүүлэхийн зэрэгцээ ард түмэн сүсэгтэн олныхоо эрэлт хэрэгцээг тасралтгүй хангаж байна. Цаашид улам боловсронгуй болгон хуучин байсан түвшинд хүргэж, эрдмийн цол зэрэгтэй эмч, зурхайч бэлтгэх зорилготой юм.


Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны Их Сургууль
Тус сургууль нь 1970 онд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам номч мэргэн гавж С. Гомбожав агсан болон Буриадын бандида хамба агсан Гомбоев агсан нарын санаачилгаар Гандантэгчэнлин хийдийн дэргэд Бурханы шашны дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан юм. МБШИС нь байгуулагдсан цагаас хойш 10 гаруй удаагийн төгсөлт хийж, бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг шашин болон шинжлэх ухааны талбарт төрүүлэн гаргасан. Эдүгээ энэ сургуулийн сургалтын үйл ажиллагаа улам боловсронгуй болж, орчин цагийн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх ерөнхий суурь мэдлэг, Бурханы шашны боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай дотоод ухаан, уншлага, урилга, зан үйлийг судлан шинжилснээр тэдгээрт мэдлэгийн дадал, чадвар үзэл бодол төлөвших мэргэжлийн суурь мэдлэг, оюутан сурагчдын авъяас сонирхол, ард нийт, сүсэгтэн олны эрэлт хэрэгцээ, хүсэлд горилд нийцүүлэн тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх мэдлэгийг тус тус эзэмшүүлэх дээд боловсролын агуулгыг баримталж байгаа болно. Тус сургууль нь "Буддын гүн ухаан судлал" "Эм зурхайн судлал" Төвд хэл судлал" "Түүхч" "Буддын уншлага зан үйл судлал" зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулж байна. Уг сургуулийг 1995 онд Монгол улсын засгийн газраас Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн соён гийгүүлэгч "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР"-ын нэрэмжит болгосон билээ.
Монголын Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль
Тус сургууль нь Монгол түмний олон зуун жилийн түүхтэй уламжлалт их соёлын нэгэн урлахуйн ухааныг өвлөн авч, залгамж халаа үедээ дамжуулан сэргээн хөгжүүлэхэд дээд боловсролтой үндэсний урчуудыг бэлтгэх зорилгоор 1993 онд байгуулагдсан. Тус сургууль нь уламжлалт урлахуйн ухааны төрөл зүйл шүтээн зураг, баримал, цутгуур, сийлбэр, чимэглэл, зээгт наамал, уран дархан гэсэн үндсэн 5 чиглэлийн гурван шүтээний урлалын мэргэжлээр 6 жилийн хугацаатай сургалт явуулж байна. Суралцагч оюутнуудад гурван шүтээн бүтээх урлалын увдис, бүтээх ёс, арга ажиллагааг цогц хэлбэрээр гардан хөтлөхөөс гадна Бурханы гүн ухаан болон бусад эрдэм ухаанаар давхар тэтгэж, өв тэгш шүтээн бүтээгчийг бэлтгэх үндсэн нөхцөл хангагддаг юм. Тус сургууль 4000 ном бүхий номын сан, 1200 төрлийн хуучны урлалын эд зүйлсийн сан хөмрөгтэй, шилдэг бүтээлийн болон уламжлалт сургалтын сонгодог загвар бүхий нийт 330 орчим үзмэртэй юм.
Номын сан
Тус номын санд Дэргэ барын Ганжуур, Данжуур, Хүрээ барын Ганжуур, Энэтхэгийн номын мэргэд болон Төвдийн Далай лам, Банчин богд, Богд Зонхова, Хайдүвжи, Жалцавжи, Монголын гүн ухаантан Агваанбалдан, Агваантүвдэн, Дамцагдорж, Зава Дамдин нарын бүрэн сүмбүм зохиол номууд хадгалагдаж байна. Мөн алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн ном судрууд байхын зэрэгцээ Ланз, Санскрит, Төвд үсгийн хадмал эх бичиг судлалын ховор дурсгалууд байдаг болно. Гандан хийдийн номын сангийн Төвд хэлээр байгаа олон мянган ном судар нь Монголын ард түмний үлдээсэн бичиг соёлын сан хөмрөгт зүй ёсоор багтах юм. Тус номын санд төвд хэлээр бичигдсэн болон барлагдсан 1 сая орчим судар номууд бий. Энэ их баялаг судар ном нь Монголчуудын гүн ухаан, бичиг дурсгал, түүх соёл зэрэг шинжлэх ухааны төрөл бүрийн шинжилгээ судалгааны үндсэн эх сурвалж болж байдаг юм.



1 comment: